top of page

Тост, Тосон Бумбын нуруунд 286 аргаль, 336 янгир бүртгэгдлээ

5 minutes ago
1 min read

Цоохор ирвэсийн урт хугацааны судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2026 оны уулын туруутан амьтдын хээрийн судалгааг 11 дүгээр сарын 4-нөөс 15-ны хооронд 12 хоногийн турш амжилттай зохион байгууллаа. Судалгаанд “Ирвэс хамгаалах сан”-гийн судлаач, ажилтнууд, Тост, Тосон Бумбын нурууны БНГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид болон нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагчдаас бүрдсэн нийт 18 хүн оролцлоо.

Судалгааг хос ажиглагчийн судалгааны арга зүйн дагуу ажиглагчид хоёр хүний бүрэлдэхүүнтэй таван баг болон хуваагдаж, нийт 500 гаруй км зайд судалгаа хийсэн байна. Ингэхдээ сүүлийн үеийн зай хэмжигч дуран болон "SMART" программ хангамжийг ашиглан аргаль, янгирын бие даасан өгөгдлийг бүртгэжээ.

Судалгааны гол үр дүнгээс дурдвал, нийт 38 удаагийн тохиолдлоор 286 аргаль бүртгэгдсэн нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Энэ нь 2012 онд мониторингийн судалгаа эхэлснээс хойш шууд ажиглалтаар бүртгэгдсэн хамгийн өндөр ажиглалтын тоо болж байна. Харин нийт 74 удаагийн тохиолдлоор 336 янгир бүртгэгдлээ. Их хэмжээний цас орсны улмаас сүүлийн өдрийн судалгааг үргэлжлүүлэх боломжгүй болсон хэдий ч  янгирын тоо толгой тогтвортой түвшинд хадгалагдсаныг судлаачид онцоллоо. 

  Тост, Тосон Бумбын нуруунд 2021–2024 онд дараалан тохиосон ган, зудын улмаас туруутан амьтдын шууд ажиглалт буурч, 2023 онд шууд ажиглалтаар ердөө 109 аргаль, 320 янгир бүртгэгдэн түүхэн доод түвшинд хүрч байв. Харин 2025 оноос хур тунадас элбэгшиж, бэлчээрийн нөхцөл сайжирснаар ийнхүү популяцийн тогтвортой сэргэлт ажиглагдаж байна. Түүнчлэн бэлчээрийн даац, ургамлын гарц сайжирсан нь аргаль, янгир үндсэн цөм нутгаасаа гаднах бусад бүсүүдээр илүү өргөн, сийрэг тархан байршихад нөлөөлсөн байж болзошгүйг судалгааны баг дүгнэсэн байна. Цоохор ирвэсийн байгалийн гол идэш тэжээл болох янгирын тоо толгой тус бүс нутагт урт хугацаанд буурах хандлагатай байгаа нь олон судлаачид болон байгаль хамгаалагч нарын анхаарлыг татсан хэвээр байна.

 
 
 

Comments


bottom of page