Байгаль хамгааллын нөхөрлөлүүдийн цахим уулзалт хийв

“Ирвэс хамгаалах сан”-гаас байгаль хамгааллын чиглэлээр хамтарч ажилладаг нөхөрлөлүүдтэйгээ жил бүр уламжлал болгон уулзалт хийдэг билээ. Энэ удаа бид 11 дүгээр сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, сүүлийн үеийн мэдээ, мэдээллээ солилцлоо. Мөн энэ үеэр 2026 оны ажлын үр дүн, нөхөрлөлүүдийн менежмент төлөвлөгөөний хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, онцлох хэд хэдэн мэдээг дуулгасан юм.
Малчин эмэгтэйчүүдийн урласан 6860 ширхэг эсгий бүтээгдэхүүн АНУ-ын Сиэтл хот руу тээвэрлэхэд бэлэн болов
“Ирвэс Энтерпрайз” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 18 нөхөрлөлийн малчин эмэгтэйчүүд 37 нэр төрлийн 6860 ширхэг эсгий бүтээгдэхүүн урлажээ. Улмаар тэдний урласан бүтээгдэхүүнүүдийг энэ сарын 20-нд АНУ-ын Сиэтл хот руу ачуулахад бэлэн болоод байна. Уулзалтаар “Эвсэг”, “Тариалан”, “Өлзийт” зэрэг идэвх санаачилгатай ажилласан нөхөрлөлүүдийг онцлон сайшааж, цаашдын захиалга, тээвэрлэлтийн талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн энэ онд зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний 10 нь цоо шинэ, дөрөв нь сайжруулсан загвар байсан нь малчин эмэгтэйчүүдийн ур чадвар өсөж буйг харуулж байна.

Ирвэс хамгаалагч 10 малчныг гэнэтийн ослын даатгалд хамруулж, нийгмийн баталгааг нь дэмжив
Цоохор ирвэс болон зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг идэвхтэн байгаль хамгаалагчдын аюулгүй байдалд бид онцгой анхаарал хандуулдаг билээ. Энэ хүрээнд сар бүр эргүүл хяналтдаа идэвхтэй оролцож, тайлан мэдээгээ ирүүлсэн 10 байгаль хамгаалагчийг гэнэтийн ослын даатгалд хамруулж, сар бүрийн шатахуун болон томилолтын зардлын дэмжлэг тогтмол үзүүлж ирэв. Энэ талаар цахим уулзалтын үеэр дурдсан бөгөөд эргүүл хяналтаа тогтмол хийж, тайлан мэдээгээ цаг тухайд нь ирүүлж, өөрсдийн санаачилгаар үр дүнтэй хэрэгжүүлсэн ажил болон эсгий бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хариуцлагатай байдлыг үнэлэн жил бүр уламжлал болгон “Шилдэг Нөхөрлөл” тодруулдаг уламжлалтай. “Ирвэс хамгаалах сан”-гаас нөхөрлөлүүдтэй тогтмол уулзаж, хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийнхөө талаар санал бодлоо солилцохыг зорьж буй. Энэ хүрээндээ өнгөрөгч наймдугаар сард Увс аймгийн таван нөхөрлөлийн гишүүдтэй уулзаж, хийж хэрэгжүүлж буй байгаль хамгаалал болон “Ирвэс энтерпрайз” хөтөлбөрийн ажилтай биечлэн танилцсан юм. Мөн Ховд аймагт өнгөрөгч есдүгээр сард малын бэлчээрийн дата мэдээлэл цуглуулж нэг удаагийн дата мэдээ авах, холбогдох уулзалт сургалтыг зохион байгуулсан билээ.





Comments