
Ирвэс Хамгаалах Сан ТББ
Ирвэс Энтерпрайз хөтөлбөр

Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг хамгаалах ажилд нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор Ирвэс Энтерпрайз хөтөлбөрийг 1997 оноос хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь зах зээлээс хол амьдардаг ирвэстэй нутгийн малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх тэднийг малын түүхий эдээрээ хийсэн жижиг гар урлалын бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл олоход туслах, ингэснээрээ ирвэсэнд бариулсан малын хохирлыг дам аргаар нөхөн авах боломжийг малчдад олгох зорилготой.
Энэ хөтөлбөрийн хүрээнд малчид байгаль хамгаалах үүрэг хүлээж, нөхөрлөлөөрөө ИХС-тай гэрээ байгуулан гэрээний нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд урамшуулал авдаг. Байгаль хамгаалах гэрээ нь тухайн нөхөрлөлийн хариуцан хамгаалах газар нутагт хууль бусаар ирвэс, аргаль, янгир агнагдсан тохиолдолд нөхөрлөлөөрөө авах урамшууллаа хасуулах, хууль бус анд холбогдсон малчин хөтөлбөрөөс хасагдах журамтай. Нийт хөтөлбөрт нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн дүнгийн 20%-тай тэнцэх мөнгөн урамшуулал малчдад очдог ба мөн нөхөрлөлүүдийн хөтөлбөрт нийлүүлсэн бүтээгдэхүүний 10%-тай тэнцэхүйц санхүүжилтээр ирвэс хамгаалах ажлыг дэмжихээр байгаль хамгаалах жижиг төслүүдийг санхүүжүүлэхэд зориулагдаж байна.
Одоогоор тус хөтөлбөрт Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн 13 сумын 24 малчдын бүлэг нөхөрлөлүүд хамрагдаад байна.
Малчдын өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж зах зээлийг өргөжүүлэх үүднээс тус хөтөлбөрт хамрагддаг малчдад зориулж гар урлалын бүтээгдэхүүний өнгө, үзэмж, чанар загварыг нь сайжруулах боловсронгуй болгох зорилгоор сургалтуудыг тогтмол зохион явуулдаг.
Малчдын хийсэн бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд зарж борлуулдаг ба бүтээгдэхүүнтэй танилцах худалдан авахыг хүсвэл энд энд дарна уу





