
Ирвэс Хамгаалах Сан ТББ
Нөхөрлөлийн хариуцан хамгаалах газар нутаг

Монгол орны цоохор ирвэсийн амьдрах орчны 75-80% нь тусгай хамгаалалттай газар нутгийн гадна оршдог. Тиймээс энэ бүс нутагт цоохор ирвэс болон туурайтан амьтдын тоо толгой, амьдрах орчинд төрөл бүрийн аюул дарамт үүсэж байдаг.
2009 оноос хойш ИХС нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн нутаг бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах хамгаалах, хууль эрхзүйн хувьд орон нутгийн засаг захиргаатай хамтран тэднийг дэмжин ажиллах боломжийг хайсаар ирсэн билээ. Одоогийн байдлаар 30 гаруй нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалах газар нутгийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хамтран ажиллаж байна. Нөхөрлөлүүдийн байгалийн баялгийн нөөцийн ашиглалт, уламжлалт бэлчээрийн хэв маяг дээр үндэслэн ХХГН-ын албан ёсны хил хязгаарыг тодорхойлох үйл ажиллагааг явуулж ирлээ.
Байгаль Орчныг Хамгаалах тухай хуулийн 3 зүйлийн 2.8-д "байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл" гэж нутгийн иргэдэд байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой нөхөрлөлийг хэлнэ гэж заасан байдаг ба нөхөрлөлийн хариуцан хамгаалах газар нутаг гэж "нутгийн иргэд, малчид албан ёсны хуулийн этгээд (нөхөрлөл) болж байгалийн баялгийг хамгаалах, арчлах, зохистой ашиглан амьдрах нутгийг хэлнэ" гэж тодорхойлжээ.

Зураг. Хамтран ажилладаг нөхөрлөлүүд тэдгээрийн ХХГН
