Ирвэсийн сүүл уншихуй
Монголын биологи, амьтан судлалын салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг Н.Батсайханы нийтлэлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, манай камерын дуранд буусан гэрэл зургийн хамт хүргэж байгаадаа таатай байна.
Гайхамшигт гэрэл зураг, шинжлэх ухааны мэдлэг, сонирхолтой тайлбарыг монгол хэлнийхээ яруу сайхан үгээр чимж бичдэг тэрбээр “Аливааг танин мэдсэнд хүмүүнд хамгаалах сэтгэл төлөвших болно” хэмээсэн байдаг. Байгаль ертөнцийн амьд мэдрэмжийг өгүүлэх дараах нийтлэлийг таалан болгооно уу.

...Элдэв баримтат кино, видео, автомат камерын бичлэг тэргүүтнийг үзэх үес уулын савдаг энэ том муурын үлэмж урт, өтгөн, саглагар үсээр өвч бүрхэгдсэн сүүлний хөдөлгөөн нүднээ шууд тусдаг. Хөхтөн амьтдын ангилал зүйн бүлгийн хүрээнд сүүлээ дээш өргөх, агсах, шарвах, хавчих зэрэг элдэв чиглэлтэй хөдөлгөөн нь тэдний харилцааны “хэл”, эсхүл ангуучаас айх, дутаах, үргэх түгшүүрийн дохио сигнал (Kiley-Worthington, 1976) юм. Тэгвэл, ирвэсийн сүүл ямар үүрэгтэй бол?
Ирвэсийн сүүлний урт нь түүний толгой-биеийн нийт уртын хэмжээний 75-90 хүртэл хувьтай дүйцнэ (Hemmer, 1972). Уулын эгц хажуу, хад чулуут хавцгай газар гөрөөл амьтдыг хөөн, хаднаас хадны хооронд дүүлэн, хөнтрүү уруу газар хурдтай харайх үед биеийн тэнцвэрийг хадгалах, залуурын үүрэг гүйцэтгэнэ (Rieger, 1984). Баримтат кино дүрс дээр янгир зэрэг уулын туруутан амьтад руу дайрах үес гөрөөлийн бултах, зайлах хөдөлгөөнийг дагах агшинд, урт сүүлээ дутааж буй гөрөөлийн эргэлтийн эсрэг чиглэл рүү шилбүүрдэх нь ажиглагддаг. Ороо бэлэн эм бодгаль эрийг “урих” үес сүүлний уг хэсгээ дээш өргөж, үзүүр хэсгийг махир хэлбэртэй болгож, эр бодгалийн хажуу бөөрөн тус газрыг бөгсөөр шүргэн, хүрэлцэх авир бий. Энэ авир нь эвцэлдэх үйлд эрийг урин дуудаж буй дохио юм (Rieger, 1984). Ойр зэргэлдээ хэвтэж буй хоёр бодгалийн хэн нэг нь нөгөө бодгалийн биеийн аль нэг хэсэгд сүүлээр “тэврэх” мэт үйлдэл хийх нь тэдгээрийн найрсаг, дотно харилцааг илэрхийлдэг ажээ. Сэрүүн, хүйтэн цаг агаартай үед ирвэс биеэ цагираглан, урт сахлаг үстэй сүүлийг татан, тавхайн хэдрэм, толгойн хэсгийг хулдана. Энэ нь биеийн дулаан зохицуулгад хамаарна. Цюрих хотын амьтны хүрээлэнд ирвэсийн нялх зулзага эхийн хөхийг “олох” эрэл хийхдээ, эхийн сүүлийг даган, улмаар хэвлий тийш очиж, сүү хөхөж байхыг судлаач (Rieger, 1984) ажиглажээ. Түүний зэрэгцээ, эх нь нялх зулзага эхээ унтаж байхад холдон, мөлхөхөөс сэргийлж, сүүлээр “хашлага” хийх, бас зулзага дулаан байх боломж бүрдүүлнэ. Эр бодгаль эзэмшил газрын хилийн цэсийг шээс шүршиж, химийн дохионы “зурвас” үлдээж хаяглах агшинд сүүлээ эгц өргөж байхыг бид элдэв дүрст баримтаас олонтаа үздэг билээ. Харин эм ирвэс ийм үйлдэл хийх үед сүүлээ нуруу тийш цагираг, дэгээ хэлбэртэй болгон татаад, шээсээ хаяглах биет рүү шүршинэ (Rieger, 1984). Эр, эм ирвэсийн автомат камерд буусан шээс шүршиж, хаяглах үеийн дүрсээр тэдний аль хүйсийн бодгаль болохыг сүүлний хөдөлгөөний хэлбэрээр таних боломжтой аж. Ирвэс сүүлний үзүүрийг дээш татан махийлгах, буцааж дэлгэн “унжуулах” зэрэг үйлдлийг сэрэмж, анхаарал төвлөрүүлэх, алив үйлд хариу үзүүлэхэд бэлтгэх агшинд хийдэг ажээ. Баримтат кино, ахар хэмжээний видео бичлэгд гөрөөл отон, мяраан хэвтэж буй ирвэсийн сүүлний үзүүр дээш махирлан, зөөлөн аядуу хөдлөж байхыг би бээр ажиглаж байлаа. Уулын савдаг сүүлээ хажуу тийш даллах хөдөлгөөн нь нэгэн бол аль нэг бодгальтай цочир нүүр тулах, эсхүл залуу бодгалиуд эрхлэн, ноололдох үед түлхүү илэрнэ. Тэдний сүүлний доод тал цайвар зүстэй байх агаад сүүлний үзүүр хэсгийг дэгээ маягаар эргүүлэх нь араас дагаж яваа зулзага, эсхүл бусад бодгальд чиг баримжаалах, дагуулах харааны дохион илэрхийлэл (Leyhausen, 1979) болдог.
Ирвэсийн 90 орчим см урт сүүл, тэдний хавцгайт газар амжилттай ангуучлах, үр төлөө мэнд бойжуулах, өвлийн хүйтнийг тэсвэрлэх, эвцэл үржлийн үед хосууд биесээ урин таалах, наалинхай харилцаа, эзэмшил газрын хилийн дээсийн хаяг, биесээ бодгалиар ялган таних химийн дохионы "зурвас" үлдээх, эх үрийн дотно харилцааны илэрхийлэл гээд олон үүрэг гүйцэтгэдэг, элдэвтэй эгэл нэгэн эрхтэн ажээ.
Уулын савдаг ирвэсийн урт сүүл, түүний удам залгах амин чухал "хэрэгсэл" болчихуй...




Comments