ОУ-ын Ирвэс Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал, тус байгууллагын түнш Ирвэс Хамгаалах Сан (ИХС) -гийн захирал Агваанцэрэнгийн Баяржаргал 2019 оны Голдманы байгаль орчны шагналын эзэн боллоо.

Голдманы байгаль орчны шагнал нь энэ салбарын тэргүүн эгнээнд ажилладаг зүтгэлтнүүдэд зориулсан хамгийн нэр хүндтэй шагнал юм. Жил бүр дэлхийн зургаан тив тус бүрээс нэг хүнийг байгаль орчны төлөөх эр зориг, хүчин зүтгэлийг нь үнэлэн шагнадаг бөгөөд Голдманы шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах урам зоригийг олон хүнд өгдөг аж.

А. Баяржаргал ахлагчтай ИХС-ийн хамт олон нэн ховордсон цоохор ирвэсний амьдрах орчин болох Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд оруулах үйлсэд нутгийн иргэдтэй хамтран зүтгэсэн бөгөөд энэхүү хүчин чармайлтын дүнд 2016 оны 4 сард Тост Тосон Бумбын Нурууны 7430.53 орчим хавтгай дөрвөлжин газар нутгийг Байгалийн Нөөц Газар болгон зарлаж улсын тусгай хамгаалалтанд авчээ. Тус нутагт цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь хууль бус үйлдэл болох бөгөөд тухайн үед олгогдож байсан байсан 37 уул уурхайн лизенц бүгд цуцлагджээ.

Багш, Манлайлагч, Байгаль орчны ажилтан

Монгол орны хангай нутагт төрж өссөн тэрээр анх Орос, Англи хэлний багш, хөтөч мэргэжилтэйгээр ажлын гараагаа эхэлжээ. А. Баяржаргал 1990-ээд оны сүүлээр цоохор ирвэсний судалгааны төсөлд орчуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн цоохор ирвэсийг улам сонирхох болж өдгөө бүх л амьдралаа тус амьтныг хамгаалах үйлсэд зориулж явна.

А. Баяржаргал нь 1998 оноос эхлэн ирвэстэй нутгийн иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах зорилгоор малчин эмэгтэйчүүдийн гар урлалыг хөгжүүлж өрхийн амьжиргааг дэмжих Ирвэс энтерпрайз, ирвэсэнд бариулсан малын хохирлыг нөхөн төлөх даатгалын гэх хөтөлбөрүүдийг бий болгон хэрэгжүүлэхийн зэрэгцээ ИХС гийн үйл ажиллагааг удирдан ажиллаж иржээ.

2007 онд байгуулагдсан Ирвэс Хамгаалах Сан ТББ-нь өнөөдөр монгол орны баруун болон өмнөд хэсэгт 30 орчим байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдтэй хамтран хамгааллын олон талт үйл ажилллагааг амжилттай явуулж байна.

Цоохор Ирвэсний төлөө гаргасан амжилт

Говь Гурван Сайхан БЦГ болон Их Говийн Дархан Цаазат Газрын дунд орших Тост Тосон Бумбын Нуруунд 2009 онд уул уурхайн ажил өргөжиж эхлэх нь илт болсон. Цоохор ирвэсний голомт нутаг Тостын нурууг хамгаалж үлдэхийг чухалчилсан тэрээр олон жил хамтран ажилласан нутгийн малчдыг уриалан дуудаж 2010 оноос хамгаалалтанд авах ажлыг эхлүүлсэн байна.

Тэрээр олон нийтэд тухайн газрын онцлог ач холбогдлыг ойлгуулах үүднээс хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран нутгийн иргэдийн оролцоотой хэвлэлийн бага хурлууд , радио телевизийн цуврал нэвтрүүлэгүүдээр болон сонин хэвлэл, вэб хуудсуудаар тогтмол мэдээлэл өгч байжээ.

Тост Тосон Бумбын Нурууг улсын тусгай хамгаалалтанд авахын тулд 2009 оноос эхлэн явуулсан цоохор ирвэсний судалгааны мэдээлэлдээ тулгуурлан үндэслэл боловсруулж, асуудлыг хууль зүйн хүрээнд шийдвэрлүүлэхээр бүх талуудтай хамтарчээ. Цоохор ирвэсний голомт нутгийг хамгаалах тэдний зам дардан байсангүй. 2015 оны 10 сард тун эмгэнэлтэй зүйл тохиолдсон нь багийн отгон гишүүн Төмөрсүхийн Сүмбээ учир битүүлгээр нас барсан явдал байв. 2016 оны 4 сард тэдний нөр их хөдөлмөрийн дүнд Улсын Их хурлаас Тост Тосон Бумбын Нурууны 7430.58 хавтгай дөрвөлжин газрыг Байгалийн Нөөц Газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарч цоохор ирвэсний анхны нөөц газар болсон юм. Тус БНГ нь цоохор ирвэсний үржил өсөлтийн хамгийн гол цэг бөгөөд Говийн хил залгаа бусад тусгай хамгаалалттай газар нутгуудтай нийлээд нийт 82000 хавтгай дөрвөлжин газар нь цоохор ирвэсний аюулгүй амьдрах орчин болж байна.

УИХ-c гарсан шийдвэрийн хүрээнд 2018 оны 6 сард тухайн газар нутагт олгогдсон байсан ашигт малтмалын дицензүүд чөлөөлөгдөж дууссан байна.

“Тост, Тосон бумбын нуруу-г улсын тусгай хамгаалалтанд авах ажил маш олон хүний хүч хөдөлмөр, итгэл зүтгэлээс бүрдсэн бөгөөд дотоод гадаадын байгаль орчны байгууллагуудын тусламж, Ирвэс хамгаалах сан, Байгаль орчин аялал жуулчлалын яам, хэвлэл мэдээлэлийнхэн, тэр дундаа нутгийн иргэдийн газар нутгаа хамгаалъя гэсэн хүсэл мөрөөдөл оролцоо маш чухал үүргийг гүйцэтгэсэн. Миний гавьяа гэж юу байхав, би хийх ёстой юмаа л хийсэн” хэмээн А. Баяржаргал ярьж байлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд үзэх

Агваанцэрэнгийн Баяржаргалд энэхүү нэр хүндтэй Шагналыг 4 сарын 29-ний өдөр Сан Франциско хотноо тус нутгийн цагаар 5:30 -д гардуулах бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагааг goldmanprize.org вэб хуудаснаа шууд цацна.

ОУ-ын Ирвэс Хамгаалах Сан
Вашингтон мужийн Сеаттли хотод байдаг ОУ-ын Ирвэс Хамгаалах Сан нь нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалах үйлсэд дэлхийд тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Цоохор ирвэсний судалгааг санаачлан хийсэн анхны байгууллага бөгөөд цоохор ирвэс хамгаалах үйлсэд тухайн орон нутгийн захиргаа, иргэдийг татан оролцуулж хамтарч ажилладаг.

www.snowleopard.org

Монгол улс дах Ирвэс Хамгаалах Сан
Ирвэс Хамгаалах Сан нь 2007 онд А. Баяржаргалын санаачлагаар байгуулагдсан бөгөөд Монголын тэргүүлэх ТББ-ын нэг юм. Тус ТББ-ын зорилго нь цоохор ирвэс болон түүний экосистемийг хамгаалах, хүн ба ирвэсний хоорондын зөрчлийн менежментийг явуулахад оршино.

www.snowleopard.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close Search Window