Байгаль хамгаалагч баатраар өргөмжлөгдөв.

Олон улсын Диснейн Байгаль Хамгаалах Сан нь жил бүр хүн, зэрлэг амьтдын эрүүл амьдрах орчны төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буй ашгийн бус байгууллага, хувь хүмүүсийг шагнадаг уламжлалтай. 2021 онд зэрлэг амьтад түүний амьдрах орчныг хамгаалахын тулд багаараа амжилттай хамтран ажиллаж болдгийг харуулсан 13 орны 15 Диснейн байгаль хамгаалах баатруудыг тодруулжээ. Газар нутгаа дархлан хамгаалахаас эхлээд соёл уламжлалаа дээдлэн зэрлэг амьтдыг хамгаалах шинэлэг арга замыг олсон хүмүүсийг эдгээр баатруудаар өргөмжлөв. Тэд тус бүрдээ хүндрэл бэрхшээлтэй нүүр тулан, эр зориг гаргаж, ирээдүйд итгэх урам зоригтойгоор дэлхийн байгаль хамгааллын түүхэнд хувь нэмэр оруулж байна. Энэхүү 15 баатрын нэгээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин Н.Энхбүрэн ахлагчтай идэвхтэн байгаль хамгаалагчид шалгарч бахдам амжилт гаргасныг дуулгахад таатай байна. 

Нямын Энхбүрэн (Бүрэн) түүний багийг Олон Улсын Ирвэс Хамгаалах Сангаас (Snow Leopard Trust) нэр дэвшүүлжээ.

Бүрэн болон нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагчид Өмнөговь аймаг, Гурван тэс сумын Тостын нуруунд уламжлалт мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ. Тэрээр 2009 оноос эхлэн ИХС – ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа малын даатгалын хөтөлбөрт хамрагдан зэрлэг араатанд малаа алдсан өрхүүдийг чадварлагаар удирдан зохион байгуулж байна. Энэ хугацаанд Бүрэн болон Тостын нөхөрлөлүүд маш их сорилтуудыг даван туулж Тостын нурууг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд буюу Байгалийн Нөөц Газар болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан юм. 7 нөхөрлөлийн байгаль хамгаалагчид болох Бүрэн болон түүний багийн гишүүд нь (Л. Амаржаргал, Д. Даваа, Д. Хишигцогт, Я. Ядамсүрэн, В. Баярсайхан, А. Эрхэмбаяр) Тост, Тосонбумбын Нурууны Байгалийн Нөөц газарт зэрлэг амьтдын судалгаа, байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагааны мэдээллийг 2015 оноос эхлэн цуглуулан ажиллаж, үүний үр дүнд тэдэнд тулгарсан сорилтыг даван туулах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close Search Window