Улаан номонд орж ховордсон Цоохор ирвэсэнд бэрхшээл учруулсаар ирсэн олон асуудлуудын нэг нь нутгийн иргэдийн хандлага мэдлэг мэдээлэлтэй салшгүй холбоотой юм. Мал аж ахуйд тулгуурласан эдийн засагтай манай орны нөхцөлд, ирвэсийн амьдралын хэв маягийн талаархи мэдлэг хөдөөгийн иргэдэд дутмаг байдгаас үүдэн ирвэс агнах явдал цөөнгүй тохиолддог нь ирвэс хамгаалах үйл ажиллагааны томоохон бэрхшээлийн нэг байсаар байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаль орчны боловсролыг бага балчираас нь ойлгуулж, төрж өссөн нутгийнхаа байгалийн зүй тогтлын талаархи анхан шатны мэдээлэлтэй болгохын тулд ИХС -гаас санаачлан ирвэстэй нутгийн дунд сургуулийн хүүхэд багачуудад зориулсан Цоохор Ирвэс Эко-зусланг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь энгийн ойлгомжтой хэлбэрээр хүүхдүүдэд цоохор ирвэсний амьдрах орчинд нь танин мэдэхүйн боловсрол олгож байгальд ээлтэй иргэн болгож төлөвшүүлэх юм.

Цоохор Ирвэс Эко-зусланг жил бүр 5-р ангиас дээш насны хүүхдүүдэд зуны амралтаар нь зохион байгуулж үүний үр дүнд залуу хойч үе маань байгаль хамгаалах сэтгэлгээтэй, эцэг эхчүүддээ ч нөлөөлөх боломжтой иргэн болон төлөвшиж байна.

Хөтөлбөр нь дунд, ахлах ангийнханд зориулж 2 ээлжээр тус бүрд 5-5 хоногоор сургалтаа явуулдаг ба үр дүнг оролцогч хүүхдүүд болон багш нар өөрсдөө дүгнэдэг байна. Энэ үнэлгээг аялалын эхэнд болон сүүлд энгийн асуултаар явуулахад маш үр дүнтэй хөтөлбөр болох нь батлагдаж байна. Хөтөлбөрөөс дараахи үр дүнг хүлээн ажиллаж байна. Үүнд:

  • Ирээдүйн иргэдээ байгальд ээлтэй болгох
  • Багш нарын ур чадварыг дээшлүүлэх
  • Байгаль хамгааллын боловсролыг өргөн дэлгэр түгээх
  • Байгальд ээлтэй жишиг аялалыг бий болгох (хог хаягдалгүй аялах гм)
  • Ойр орчны ард иргэдэд, хүүхдүүдэд ан амьтан хамгаалах сэтгэлгээг бэхжүүлж үлгэр дуурайл болгох.

Comments are closed.

Close Search Window