top of page

2026 оны байгаль хамгаалах төслийн үр дүн

  • Jul 8
  • 1 min read

Ирвэс хамгаалах сангаас жил бүр зарладаг жижиг төслийн уралдаанд Завхан аймгийн Сантмаргаз сумын байгаль хамгаалагч Э.Амарын  "Цоохор ирвэс хамгаалах мэдлэг олгох сургалт" төсөл шалгарсан. Төслийн хүрээнд Сантмаргаз сумын Соёлын төвд сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар Сантмаргаз сумын ирвэстэй бүс нутагт өвөлждөг 46 малчдад"Цоохор ирвэсийн устах аюулын шалтгаан ба хамгаалалтын арга", "Орон нутгийн иргэдийн оролцооны сайн туршлага", "Хулгайн ангийн эсрэг хамтын ажиллагаа" зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Ирвэстэй нутгийн малчин өрхүүдтэй уулзаж тус нутгийн байгаль цаг агаар, зэрлэг амьтад хүн хоорондын зэрэгцэн оршин тогтноход тулгарч байгаа байгалийн болон эдийн засгийн асуудалуудыг онцгойлон ярилцлаа. Ийнхүү тэд ирвэс болон бусад туруутан амьтдын харилцан хамаарал, ялангуяа Их, Бага Маргаз ууланд цоохор ирвэс тогтмол байрших болж, сумын төвөөс 30 км-ийн зайтай орших Шивээт уул хооронд шилжилт хийдэг болсон байна. . Ирвэсний энэхүү шилжилт нь тус уулан дахь янгирын тоо 80–90 орчим байснаа 30 гаруй болж эрс цөөрсөнтэй холбоотой, идэш тэжээлийн хомсдолд орсноор ямаа, унага, тугал, бяруу барих элбэг болсон нь малчдад таатай бус байгааг ярилцлаа.

Цоохор ирвэсний байгаль дахь үүрэг, нөлөөлөл, ач холбогдолыг ойлгож, цаашид хэрхэн зохицон амьдрах талаар санал солилцсон. Тэд малаа хамгаалахын зэрэгцээ дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаль хамгаалалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох оролцоог нэмэгдүүлэх нь чухал хэмээн үзэж байна.

Зэрлэг амьтан болон мал аж ахуй хоёр зэрэгцэн орших бүрэн боломжтой бөгөөд байгаль хамгаалалд малчдын оролцоо хамгийн чухал гэдгийг харилцан ойлголцсоноор сургалт амжилттай өндөрлөв.


 
 
 

Comments


bottom of page