Монгол оронд одоогийн байдлаар нэн ховордож улаан номонд орсон дархан цаазат амьтнаас бусдад учруулсан хохирлыг улсаас нөхөн төлж өгөх систем бий болоогүй, хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа нь эдгээр амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга замыг эрэлхийлж, ИХС-гаас санаачлан Энэтхэг улсад хэрэгжиж амжилтанд хүрсэн сайн туршлагыг нутгийн иргэдийн оролцоотойгоор монгол орны нөхцөлд тохируулан өөрчилж, араатанд бариулсан малын даатгал туршилтын хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн малчдын дунд 2009 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ.

 

 

Уг хөтөлбөр нь цоохор ирвэстэй нутагт зэрлэг амьтнаас үүдсэн малчдын хохирлыг нөхөн төлж араатан ба хүний хоорондын зөрчлийг зөөлрүүлэн тэднийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулж ирвэс хамгаалах зорилготой юм. Малчид хөтөлбөрт хамрагдахдаа сайн дурын үндсэн дээр нөхөрлөл бүлгийн зохион байгуулалтанд орж хамрагддаг ба малаа даатгуулан даатгалын сан бүрдүүлж ажиллах ба энэхүү сангаасаа хохирлоо нөхөн төлж авдаг. Байгууллагын зүгээс дундын санд нь 5 жилийн хугацаатай санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллажээ. 2014 оны байдлаар тус хөтөлбөр нь 5 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд цаашид бие даан ажиллах санхүүгийн чадвартай болсон байна. Малчдын өөрийн удирдлага бүхий даатгалын шинэ тогтолцоог бий болгосноор малчдын зүгээс зэрлэг амьтанд хандах хандлагыг өөрчлөх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгч байна.

Comments are closed.

Close Search Window