Судалгаа


Судалгаа, шинжилгээний хөтөлбөр

ИХС- ийн судалгаа нь Монгол орны цоохор ирвэсний биологи, экологийн судалгаанд бодитой хувь нэмрээ оруулж байгаа шинжлэх ухааны баг хамт олон бөгөөд ирвэс бүхий аймаг, сумдад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Цоохор ирвэс нь Төв Азийн 12 оронд тархсан ойролцоогоор 3500 орчим тоо толгой бүхий өндөр уулын бүсэд амьдардаг муурын овгийн амьтан юм. Монгол орны 10 аймгийн 107 сумын нутагт 1000 орчим тоо толгой байдаг гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Манай орон цоохор ирвэсний тоо толгой, нягтшилаараа дэлхийд 2 дугаарт ордог судалгааны өндөр ач холбогдол бүхий орон юм. Цоохор ирвэсний биологи, экологийн зарим асуудлууд өнөө хүртэл сайн судлагдаагүй байсан бөгөөд Монгол болон олон улсын эрдэмтэн судлаачдын ачаар энэхүү амьтны цогц судалгаа дэлхийн хэмжээнд амжилттай судлагдах эх үүсвэр 2008 онд Монголд анх удаа тавигдсан юм.

Энэхүү цогц судалгааг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын БН –т цоохор ирвэс хүзүүвчлэх, хөдөлгөөн, дулаан мэдрэгч автомат камер суурилуулах, жижиг хөхтөн амьтдын тоо толгой, өвчин эмгэгийн судалгаа, ирвэсний гүем барьж бичил дамжуулагч зүүх, генетикийн судалгаанд шаардлагатай ялгадас цуглуулах, ирвэс бүхий ТХГН-н мэргэжилтэнгүүдийг чадавхижуулах аргазүйн сургалт болон оюутан сурагчдын хээрийн дадлага хийлгэх боломжтой Монгол орны судалгаа, шинжилгээний томоохон төв болон өргөжсөөр байна. 

  • 2008 оноос хойш өдгөөг хүртэл - нийт 23 цоохор ирвэс барьж GPS дээр суурилсан сансарын хиймэл дагуулын хүзүүвч зүүн судалж байна. Энэ судалгаагаар цоохор ирвэсний байгаль дахь төрөлт, үхлийн эрчим, гүемийн амьд үлдэх чадвар, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны ашиглалт зэргийг нарийн судалж тодорхой үр дүнд хүрсэн.
  • 2008 оноос - цоохор ирвэсний тоо толгой, нягтшил, шилжилт хөдөлгөөнийг судлах автомат камер, тохиолдоцын хийж гүйцэтгэв.
  • 2011 онд - ургамалын зүйлийн бүрдэлийг тогтоох, бэлчээрийн менежмент хийхэд шаардлагатай бэлчээр зүйн зураг, цоохор ирвэсний 2 гүемд бичил дамжуулагч суулгасан.
  • 2013 оноос - ГГСБЦГ –тай хамтран тус хамгаалалттай газарт хөдөлгөөн, дулаан мэдрэгч бүхий автомат камер суурилуулж, ирвэс бүхий ТХГН-н мэргэжилтэнгүүдийг чадавхижуулах аргазүйн сургалтууд зэрэг судалгаа, сургалтын ажлууд хийсэн.
  • 2014 оноос - цоохор ирвэсийн үндсэн идэш тэжээл болох аргаль, янгирын тоо толгой, тархалтын судалгааг Монголд анх удаа “Хос – ажиглагчийн” аргазүйгээр хийсэн.
  • 2017 оноос - Тост-Тосонбумбын БНГ –ын экосистемийн үйлчилгээний үнэлгээг хийв.