Ирвэс Интерпрайз Хөтөлбөр


Араатан амьтан болон малчдын хоорондын зөрчил хурцдаж, ирвэс айлын мал барьж идсэний төлөө өширхөн хороох явдал их байсан нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болсон. Хүн ба ирвэс хоорондын зөрчлийг багасгах зорилготой малчны нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгаалах Ирвэс Энтерпрайз хөтөлбөр нь 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хөтөлбөр нь Баянхонгор аймгийн Богд , Баян-Өлгий аймгийн Сагсай, Булган , Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Богд , Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён , Увс аймгийн Тариалан, Түргэн, Сагил, Ховд, Бөхмөрөн , Ховд аймгийнЧандмань, Манхан, Зэрэг, Мөнххайрхан зэрэг сумдуудад малчдын 30 гаруй нөхөрлөлтэй хамтран ажиллаж байна. Хөтөлбөр тухайн нутагт хэрэгжиж эхлэхээс өмнө хүн ба араатан амьтны хоорондох зөрчил хэр хурцадмал байгааг тогтоох зорилготой цоохор ирвэсний тархацын судалгаа явуулж, судалгааг үндэслэн хөтөлбөрөө тухайн нутагт хэрэгжүүлдэг.


Ирвэс Энтерпрайз нь нутгийн иргэдийн хувьд эрэлт хэрэгцээтэй хөтөлбөр учраас малчдын зүгээс тус хөтөлбөрт хамрагдах сонирхол их байдаг.

Хөтөлбөрийн үйл ажиллагаа

• Сургалт, сурталчилгаа – Малчин өрхийн орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр нь ердөө л тэдний гарын доорх хонь болон тэмээний ноосноос эхэлсэн. Ноосоор хийж болох төрөл бүрийн бүтээгдэхүүний сургалтыг малчдад /ээрэх, сүлжих, эсгий хийх, ноосоо будах, хатгах гэх мэт / байгууллагын зүгээс үнэ төлбөргүй явуулдаг байна. Малчин эмэгтэйчүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулахын тулд чанарыг нь сайжруулах шаардлагатай байдаг. Иймээс давтан сургалтууд явуулж, байнга зөвөлгөө өгөхийн зэрэгцээ бүтээгдэхүүн хийхэд шаардагдах туслах материал, тоног төхөөрөмжөөр хангаж ажилладаг. Ирвэс Энтерпрайз хөтөлбөр нь малчдаас бүтээгдэхүүн худалдаж аваад зогсохгүй тогтвортой байдлыг хангахын тулд орон нутагтаа бүтээгдэхүүн хийж борлуулах, гэрийн эсгий хийх зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг. Хөтөлбөрт хамрагдаж буй бүлэг нөхөрлөлүүдийг байгаль хамгаалал, ан амьтны тухай төрөл бүрийн сургалт мэдээллээр тогтмол хангаж ирсэн.

• Жижиг зээл – Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай өрхийн үйлдвэрлэлд зориулсан тоног төхөөрөмжийг /ноос самнагч, ээрэгч, гар сам ноос самнагч, ээрэгч, гар сам/ 3 жилийн хугацаатай жижиг зээлээр олгодог бөгөөд мөн ноос худалдан авахад нь зориулж бэлэн мөнгөний зээл олгож ирсэн. Зээлдэгч нь зээлээ бүтээгдэхүүнээр төлөх боломжтой байдаг. 2000-2014 оныг хүртэл нийт 170 гаруй хүн жижиг зээлд хамрагдан, өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэй болсон байна.

• Бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба өрхийн орлого – Ирвэс Энтерпрайз хөтөлбөрт нийт 400 орчим айл өрх хамрагдан, тодорхой хэмжээгээр орлогоо нэмэгдүүлж чадсан байна. Түүнчлэн тус хөтөлбөрийн сургалтад 700 гаруй эмэгтэйчүүд хамрагдаж, хийсэн бүтээгдэхүүнээ борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ.Малчдын хийсэн бүтээгдэхүүнийг Монголд цөөн хэдэн дэлгүүрээр зуны цагт борлуулдаг бол Америкт амьтны хүрээлэн, төрөл бүрийн уулзалт арга хэмжээ, веб хуудас болон ноосон бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрүүдэд борлуулдаг.

Ирвэс Энтерпрайз хөтөлбөр байгаль хамгаалалд ямар үр нөлөөтэй вэ?

Ирвэс Энтерпрайз хөтөлбөр нь малчдын нөхөрлөлүүдтэй “Байгаль хамгаалах гурван талт \\Ирвэс Энтерпрайз хөтөлбөр – Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа – Малчдын бүлэг нөхөрлөл\\ хамтын гэрээ” байгуулдаг. Гэрээний дагуу нөхөрлөлийн хариуцан хамгаалсан газар нутагт хууль бус ангийн зөрчил гараагүй тохиолдолд тухайн онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийн дүнгийн 20%-тай тэнцэх урамшууллыг Малчдын бүлэг нөхөрлөл оны эцэст бэлэн мөнгөөр хүлээн авдаг. Хэрэв хууль бус ангийн зөрчил гарсан бол 20%-ийн урамшууллаа хасуулдаг учраас нөхөрлөлүүд орон нутагтаа хууль бус антай тэмцэн ажилладаг юм.

Мөн аймгуудын тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хөрөнгийг тухайн аймгийн малчны нөхөрлөл, байгаль орчны алба, ТХГН-гийн захиргаа, иргэдийн байгаль хамгаалах санал санаачлагыг дэмжих, хэрэгжүүлэх зорилгоор санхүүжүүлдэг. Жижиг төсөл нь голдуу орон нутагт байгаль хамгаалах ямарч төсөл байж болдог. Жишээлбэл зэрлэг амьтанд хужир мараа тавих, булаг шандны эхийг цэвэрлэх, хашиж хамгаалах, байгальд хаягдсан хог хаягдлыг цэвэрлэх, нэгдсэн хогийн болон ариун цэврийн цэг байгуулах, хүүхдийн болон малчид, сумын иргэдийн байгаль орчны боловролыг нэмэгдүүлэх сургалт сургалчилгаа гэх мэт төслүүдийг нөхөрлөл орон нутгийн удирдлага ирүүлдэг байна. Уг ажил нь 2007 оноос хэрэгжиж эхэлсэн ба дээрх 7 аймагт одоогоор 50 гаруй жижиг төслийг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлжээ.