Амьтанаас мал хамгаалах хашааны төсөл


Цоохор Ирвэсний экологийн урт хугацааны цогц судалгааны ажлын хүрээнд малчид малаа ирвэс болон чононд бариулсан тохиолдол олноор бүртгэгдэж байна. Жишээ нь 2009 онд Тост багийн нутаг Хөвд хэмээх газар цоохор ирвэс нэг айлын хотноос 26 мал барьсан тохиолдол гарсан ба ийм тохиолдол нь зөвхөн Тост ууланд төдийгүй цоохор ирвэс бүхий бусад аймгуудад жил бүр үүссээр байна.


 

Олон улсын ирвэс хамгаалах Сан (ОУИХС) - тай хамтран 2008 оноос эхлэн дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний урт хугацааны судалгааг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг Тост, Тосонбумбын нуруунд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Судалгааны явцад цоохор ирвэс гэрийн мал руу халдах явдал шөнийн цагаар хотонд ихэвчлэн тохиолдож байдаг нь ажиглагдаж үүнээс үүдэн малчдын амьдралд хохирол учрах, тэдний малаа хамгаалах зорилгоор зэрлэг амьтныг үргээн зайлуулах арга нь цөөн тоот ховор амьтныг хороох хүртэл сөрөг нөлөө үзүүлж байгаа нь илэрсэн юм. 

Монгол оронд одоогийн байдлаар нэн ховордож улаан номонд орсон дархан цаазат амьтнаас бусдад учруулсан хохирлыг улсаас нөхөн төлж өгөх систем бий болоогүй,  хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа нь эдгээр амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулж байна.

 

Энэ асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга замыг эрэлхийлж, ИХС-гаас санаачлан нутгийн иргэдийн уламжлалт хашаа хороог сайжруулж  “Хашаа хорооны хөтөлбөр” туршилтын хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн малчдын дунд 2014 оноос  хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд цахилгаанжуулсан торон хашаа, дуу гаргагч гэх мэт хэрэгсэлүүдийг хийж зэрлэг амьтны гүйдэл байршлыг харгалзан анх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын  Тост багийн 10 малчин айлд барьж туршилт хийсэн. Тус хашаа нь 2 м гаруй өндөртэй, 12 вольтын нарны гэрлээр цэнэглэддэг бөгөөд зэрлэг амьтан хүрсэн тохиолдолд тог цохиж үргээх зориулалтай юм.

Хөтөлбөрт яаж хамрагдах бэ?

  • Цоохор ирвэстэй нутагт амьдардаг байх.
  • ИХС-д ирвэс, чононоос мал хамгаалах хашаа барихад зориулан зээлийн хүсэлт гаргасан байх.

Малчин та хөтөлбөрт ямар үүрэгтэй оролцох бэ?

  • Байгаль орчныг хамгаалах хуулийг зөрчихгүй байх.
  • Хотонд цоохор ирвэс, чоно ирсэн тохиолдолд төслийн багт мэдээлэл хүргэх.

Өнөөдрийн байдлаар байгаль хамгаалах нөхөрлөлийн 20 айл хашаа хорооны хөтөлбөрт хамрагдсан байна. Хашаа хорооны хөтөлбөр хэрэгжсэнээр хотондоо мал алдах нь багассан байгааг малын даатгалын хөтөлбөрт давхар хамрагддаг айлууд болон ирвэс чононд бариулсан малын тооны судалгаанаас харагдаж байна.