Бишкекийн Тунхаглал


Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр болж өнгөрөв.

Бишкекийн тунхаглал

Афганистан, Бутан, Балбын вант улс, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Монгол, Исламын БН Пакистан улс, ОХУ, БН Таджикистан улс, БН Узбекистан улсын, цоохор ирвэс, түүний оршин амьдардаг онгон дагшин өндөр уулсын экосистем бүхий дэлхийн улс гүрнүүдийн ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД БИД 2013 оны 9 сарын 11-13-нд БН Киргизстан улсын нийслэл Бишкек хотод цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах зорилготой дэлхийн форумд оролцохоор ХУРАН ЦУГЛААД,

Цоохор ирвэс нь манай улс, ард түмний байгаль, соёлын салшгүй нэгэн үнэт өвийн билэгдэл, өндөр уулын экосистемийн онгон дагшин байдлын индикатор мөн болохыг ЦОХОН ТЭМДЭГЛЭЖ;

Цоохор ирвэс оршин амьдардаг өндөр уулын экосистем нь дэлхийн хүн амын 1/3-ийг цэвэр усаар хангах, нүүдлийн мал аж ахуй, газар тариалан эрхлэж, байгалийн баялаг, эмийн ургамал, түлшний мод түүн бэлтгэж хэрэгцээгээ хангадаг орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн оршин амьдрах бололцоог хангах, сэтгэл сэргээх, зугаалан цэнгэх, болон эдийн засгийн үр ашиг өгөх зэрэг экосистемийн хэмжээлшгүй үйлчилгээ үзүүлж байгааг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ;

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүн төрөлхтөний улам өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь цоохор ирвэс, түүний амьдардаг өндөр уулын биологийн төрөл зүйл, цэвэр усны эх булаг, амьдрах орчны болон экологийн үйлчилгээ үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлж устах аюул заналхийлж буйг АНХААРАЛДАА АВЧ;

Цоохор ирвэс, түүний эмзэг амьдрах орчныг хамгаалахаар үтэр түргэн хамтран ажиллах шаардлагатай байгааг БАТАЛГААЖУУЛЖ;

Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалахдаа орон нутгийн хүмүүс, нөхөрлөлийг оролцуулж, тэдний амьдралыг дээшлүүлэх, орон нутгийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдлын зохицолыг хангахын чухлыг ОЙЛГОН;

Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах нь бидний улс, олон улсын хамтын нийгэмлэг, иргэний нийгэм, хувийн секторын хамтын үүрэг болохыг БАС ДАХИН БАТАЛЖ;

Цоохор ирвэс зэрэг нэн ховор зүйл, биологийн төрөл зүйлийг хамгаалахад бидний гарын үсэг зурж нэгдсэн олон улсын конвенци, гэрээнүүд чухал үүрэгтэйг ДУРДАН.

Өнөөгийн болон ирээдүй үеийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээхээр БИД, ЦООХОР ИРВЭС БҮХИЙ УЛСУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД гарын үсэг зурж доорхи чилэлүүдээр хамтран ажиллахаар тохиров. Үүнд:
• Цоохор ирвэсний зонхилох популяциуд, түүний тархац, амьдрах орчны одоогийн байдлыг зураглах, амьдрах орчны эдийн засгийн болон ирээдүйн өөрчлөлтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох, шийдвэр гаргах, хамгаалах ажлыг төлөвлөхөд ашиглах судалгаа, мониторингийн ажлыг эрчимжүүлэх.
• Цоохор ирвэсний зонхилох популяциудын оршин амьдрахад хангалттай байхуйц газар нутаг, амьдрах орчныг тодорхойлж, газрын зөв менежмент хийж, популяциуд хооронд амьтад чөлөөтэй шилжиж байхаар корридортой байлгаж, тухайн нутаг дахь хамгааллыг сайжруулах.
• Цоохор ирвэсийг хамгаалахад орон нутгийн иргэд, нөхөрлөлийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг сайжруулж дэмжихэд чиглэсэн хууль, бодлогыг баталж хэрэгжүүлэх.
• Хууль эрх зүйг боловсронгуй болгож, үндэсний хэмжээнд хуулийн хэрэгжилтийг сайжруулж цоохор ирвэс, бусад ховор, нэн ховор амьтдын хулгайн ан, хууль бус худалдааг зогсоох, үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг сайжруулж цоохор ирвэс, бусад зэрлэг амьтдыг дорно дахины эмнэлэг, бусад зориулалтаар ашиглах сонирхолыг бууруулах үр дүнтэй механизм бий болгох.
• Үйлдвэрлэгчид, хувийн секторын цоохор ирвэс хамгаалахад оролцох үр ашигтай оролцоог дэмжих.
• Үйлдвэрлэгчид, уул уурхай, дэд бүтцийн, орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөр,төслүүд цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах бодлоготой бүрэн зохицсон байх, цоохор ирвэсний популяци, түүний амьдрах орчныг тасархайтуулахгүй, зэрлэг амьтдад ээлтэй төлөвлөлт, нөхөн хамгаалах, сөрөг нөлөөг бууруулах зэрэг дэвшилтэт арга технологи ашиглах.
• Хил орчмын нутгуудад цоохор ирвэс хамгаалах 2 улсын, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх.
• Зэрлэг амьтан, экосистемийн менежментийн чиглэлээр ажилладаг шийдвэр гаргагчид, менежерүүд, ажилтнууд, нөхөрлөлийн лидерүүд, иргэний нийгмийнхэн, нөхөрлөлийнхэн зэрэг талуудад хуулийн хэрэгжүүлэлтийг сайжруулах, туршлага солилцох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх.
• Орон нутгийн нөхөрлөл, залуучууд, засаг захиргаа, иргэний нийгэм, хувийн секторынханд цоохор ирвэс, түүний амьдардаг экосистемийг хамгаалахын ач холбогдолыг ойлгуулах ажлууд зохион байгуулах, жил бүрийн 10-р сарын 23-нийг ОЛОН УЛСЫН ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР, 2015 оныг ОЛОН УЛСЫН ЦООХОР ИРВЭСИЙН ЖИЛ болгон тэмдэглэх.

Ард түмнээ төлөөлөн БИД:
• Дэлхийн цоохор ирвэс хамгаалах урт хугацааны хөтөлбөрийг БАТЛАН.
• Хөтөлбөрийг хэрэгжүүлэх өөрийн улсын, олон улсын техникийн болон санхүүгийн чадавхийг дайчлахаар АМЛАН.
• Хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэх улс төрийн зориг шийдвэр төгс байж, хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдах, хянах төр засгийн дээд түвшний зохицуулах хороо байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний болон олон улсын эх үүсвэр, хүн хүчээр хангах, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах Нарийн бичгийн дарга нарын газар байгуулахыг ЗӨВШӨӨРЧ.
• Дэлхийн бар хамгаалах санаачлагын газар /Global tiger initiative/, Дэлхийн банкийг дээрх нарийн бичгийн дарга нарын газрын эхний жилд дэмжин ажиллахыг ХҮСЭЖ.
• Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн форумаас гаргасан санаачлагыг дэмжин, идэвхтэй хамтран ажиллахыг УРИАЛСАН.

….. Улсын Ерөнхийлөгч ….

Энэхүү, Бишкекийн тунхаглалд гарын үсэг зурсанаар Цоохор ирвэс бүхий улсууд өөрийн улс, цэнхэр гаригийнхаа хөгжил цэцэглэлтэнд хэмжээлшгүй хувь нэмэр оруулж, цоохор ирвэс үүрд амьдарч, энэ нутагт амьдардаг хүмүүс энх тунх, уулархаг нутгийн экоситем цэвэр ариун байна гэдэгт итгэлтэй байна.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *